


“БАТ-ОРШИЛ БА ХОВОР ЦУГЛУУЛГУУД”
Богд Хааны Ордон Музей Улсын их баяр наадамд зориулж 2024 оны 07 сарын 04-нөөс 20-ны өдрүүдэд “Бат-Оршил ба ховор цуглуулгууд” тусгай үзэсгэлэнгээ дэлгэн үзүүлж байна. Энэхүү үзэсгэлэнг зураач уран бүтээлч, өв соёл судлаач С.Чулуунбаатартай хамтран зохион байгуулж байгаагаар онцлог юм. Тус үзэсгэлэнгээс Монгол төрийн Бат-Оршил өргөх ёслол, даншүг наадмын түүхийг өгүүлэх үзмэрүүдийг дэлгэхийг сацуу Богд хааны гайхалтай ховор цуглуулгуудын түүхээр бүтээсэн уран зургийн үзэсгэлэнг нэг дор үзэх боломжийг олгож байна.
Бат-Оршил (даншүг) өргөх гэдэг нь хутагт хувилгаад, багш дээдсийг энх тунх байхыг ерөөж номын уншлага, тахилга хийх ёслол юм. Сурвалжид өгүүлснээр 1657 онд Халх долоон хошууны шар хар ноёд Өндөр гэгээн Занабазарт зориулан даншүг өргөж, их ерөөл үйлдэн, Майдар бурхан эргүүлэв хэмээсэн үеэс үе үеийн богдуудыг хүний ертөнцөд удаан саатахыг ерөөн энэхүү зан үйлийг үйлдэх болжээ. Бат-Оршил өргөх ёслолтой хамтатган халх бүгдээр нийлж наадам хийх болсныг Тахилын наадам, Бат Оршил наадам, Даншүг наадам хэмээн нэрлэж ирсэн. Бат-Оршил өргөх ёслолыг халхчууд Богдуудад зориулан гурван жилд нэг удаа өргөдөг байсан бол VIII Богд Жавзандамба хутагт хаан болсноор уг ёслолыг төрийн ёс ёслол болгон Зарлигаар тогтоосон Монгол улсын хууль зүйлийн бичигт жил бүр зуны цагт аймаг шавь хамтаар нийлж Бат-Оршил өргөх, Өвлийн дунд сарын шинийн есөн буюу монгол төрийн тусгаар тогтнолын баяраар, Хаан хатны түмэн өлзий гийсэн өдрүүдэд уг ёслолыг өргөж, ард түмнээрээ амьтны амь сүйтгэхгүй, ариулан цээрлэж байхыг хуульчлан заасан байдаг.
Энэхүү үзэсгэлэнгээс Богд хааны сэнтий, дэнгав, таван хандын хувцас, даншүгийн цуваанд өргөх мөнгөний мандал, мөнгөн Аюуш бурхан, суварга, мөнгөн бумба тэргүүтэй олон үзмэрүүдийг дэлгэн үзүүлж байна.
Бидний үзэсгэлэнгийн хоёр дахь хэсэг бол Богд хааны ховор цуглуулга нэртэй зураач С.Чулуунбаатарын уран бүтээл Богдын бор заан, өндөр Гонгор, Хүрээний ардууд Богдын гурван улаан хошногот хэмээн хошигнон нэрлэсэн сармагчингууд, матар, тогос тэргүүтэй амьтад, анхны шилэн Форд машин, хүрээний гудамжинд байсан цагтай цамхаг зэрэг хааны ховор цуглуулгуудыг тухайн цаг үеийн хүрээний хэв маяг, хүмүүсийн дүр төрх, аж байдалтай хамтатган сонирхолтойгоор дүрсэлсэн уран зургууд, хааны ордны чихмэл цуглаагаас бүрдэх үзмэрүүдийг хамтатган дэлгэн үзүүлсэн болно.
17