“VIII БОГД ХААНЫ ГАЙХАЛТАЙ ХОВОР ЦУГЛУУЛГУУД” үзэсгэлэн
Өндөр гэгээн Занабазарын мэлмий гийсний 390 жилийн ойд зориулсан зураач С.Чулуунбаатарын энэхүү цувралд VIII Богд Жабзундамба хааны амьтны хүрээлэн болон түүний сонин содон цуглуулгуудыг судлан, үзэгчдийн сонирхлыг татахаар бодитоор дүрслэн үзүүлжээ. Тухайлбал, Богдын бор заан, өндөр Гонгор, “Богдын гурван улаан хошногот” хэмээн хүрээний ардууд хошигнон нэрлэсэн сармагчингууд, матар, тогос тэргүүтэй амьтад, анхны шилэн Форд машин, цаг байрлуулсан цамхаг зэрэг Богд хааны ховор цуглуулгуудыг тухайн цаг үеийн хүрээний хэв маяг, хүмүүсийн дүр төрх, аж байдалтай хамтатган сонирхолтойгоор зохиомжилсон байна.
Судлаачийн хувиар уран бүтээлч С.Чулуунбаатар нь Өндөр гэгээний зохиосон “соёмбо” үсгийг олон жил судлан суралцаж, цуврал зургуудынхаа тайлбарыг Соёмбо бичгээр бичиж чимэглэсэн нь өвөрмөц зохиомжууд болжээ.
“VIII Богд хааны гайхалтай ховор цуглуулгууд” цувралыг бүтээгч С.Чулуунбаатар нь зураач дизайнер мэргэжилтэй. 1991 оноос мэргэжлээрээ ажиллахын зэрэгцээ эх орондоо болон гадаадад 50 гаруй бие даасан ба хамтарсан үзэсгэлэнгээ дэлгэн үзүүлж, олны талархлыг хүртэн, мэргэжлийн түвшинд хүлээн зөвшөөрөгдөж үнэлэгдсэн уран бүтээлч юм.