ТУСГААР ТОГТНОЛЫН ЛҮНДЭНГИЙН ҮҮТГЭЛ
Ум сайн. Эрх далай сэцэн баатар сэргэлэн шударга жүн вантаны тамгын түшмэлийн бичиг зангид тушаав. Тушаах учир эдүгээ Халхын хүрээнд хуралдсан олон ван бэйс гүн засаг хамба шанзав нараас тушаан хүрч ирсэн бичигт тушаан явуулах учир:
Эдүгээ цаг төрийн байдал маш тэгшгүй учир бидний чуулганы дарга нар туслагч жанжин хэбэй нар ба хүрээний газар хуралдан ирсэн хан ван бэйс гүн засаг хүрээний хамба номун хан дэд хамба эрдэнэ шанзав да лам бид бүгдээр нэгэн сэтгэлээр зөвлөж энэ өвлийн тэргүүн сарын шинийн найманд Очирдара Богд гэгээнтэнд мандал өргөн айлтгасан нь:
Шавь нар бид бүгдээрийн аврал итгэл хамгийг айлдагч Очирдара Богд гэгээнтний алтан өлмийн хүрдний өмнө бишрэнгүй айлтгах нь:
​Хянаваас эдүгээ цаг төр урьд лугаа огт адилгүй их түгшүүртэй болсон аж. Манай монгол урьд Манжийн хаан эрдэм өршөөлөөр шар шашин улс төрийг тэгш бадруулан бататгаж бүхий цаг дуртайяа дагаар орсон нь буй боловч үнэнгүйд хүрч манай монголчуудад элдэв зовлон зүдүүрийг цагаар нэмэгдүүлсэн нь хэн алины нүд чихэнд илэрхий тодорхой. Ер тоолбоос барахгүй болсон дээр, одоо өмнө газар их самуун дэгдэж олон мужид шинэ дүрэм байгуулан өөртөө улс тогтож бүхий чимээ машид олон болсон бөгөөд манж хаантны эрхэм мэдэл тунч өчүүхэн болж одоо манай монгол чухам яахан хүмүүжвээс эрс тодорхойгоор заан соёрхохыг хүсч мандал өргөмүй. Их нигүүлсэнгүйгээр айлд хэмээн эвхмэлд бичиж дэвшүүлэн өргөсөнд мөн өдөр буулгасан дээд лүндэн нь:
​Таны ийнхүү асуусан нь маш сайн. Ер аливаа юманд хэмжээгүй нь огт үгүй бөгөөд, манж хятадын ийнхүү цөм цаг болсны тул болой. Харин монгол овгийн олон аймаг бүгдээр нийлж өөртөөн улс болон тогтнож, шар шашнаа бататган дэлгэрүүлж, өөрснөө бусдын эрх мэдэлд дарлагдан зовлон зүдгүүрийг үзэхгүй болох цаг болсон. Гэвч бүгдээр нэгэн сэтгэл хамт хүч гаргаж чармайн зүтгэхэд харгалзмуй. Бас лам би олон монгол шавь нарыг цөм нэг адил авралдаа авсаар бөлгөө. Миний энэ үгийг улам улмаар надад бишрэн мөргөхөөр ирдэг олон монгол шавь нарт нийтээр яаран сонсговоос зохимуй. Энэ тухайд хүрээ олон орон дацан аймаг хийгээд олон хошуу шавь бүхэнд хүрээний сүм хурлууд өөр өөрийн сахиусыг сайн тахиж, гаргалт өргөлтийг сайн гүйцэтгэ. Ловончинбо-ийн самба-лхүндэв, пунцоггүсүм, жанлавцогзол, гаадин сольдэв эдгээрийг аль олон шар хар олон нийтээр эв тангаргаа хичээж, маань мэгзэм дамцагдоржийн дайва шамдан унш. Гэм үгүй сайн хэмээн уг өргөсөн эвхмэлийн сүүлд бичиж мутрын тэмдэг дарж буулган өршөөсөн үүнд хичээнгүйлэн хамба номун хан чуулганы дарга нар дараалан бид бүгдээр хүлээн авч сөгдөн уншиж, мэхийн хянаваас эдүгээ цагийн байдал иймд ​Очирдара Богд гэгээнтний заан сургасан нь ийм тодорхой бөгөөд харин сая бүгдээр нойрноос сэрсэн мэт сэнхэртэл ухаж мэдээд сүслэн баярлавай хэмээхээр барахгүй жич буулгасан лүндэн зарлигийн дотор бүгдээр нэгэн сэтгэл хүч хамт гаргаж чармайн зүтгэхэд харгалзмуй хэмээсэн зүйл буйн дээр улс болох нь эрхгүй цэргийн сургууль үйлдэх ёс бүхүйн тулд харьяат аймгийн цэргийг одоо дээр дайчлан хуруулж сургууль үйлдүүлэн дээдэд болбоос Очирдара Богд гэгээн эхлэн шар шашнаа хамгаалах, доордод болбоос газар орноо сахьсугай хэмээн зөвлөөд нэгэнт албаны бичиг гаргаж зарласан ба бас өөртөө улс болон тогтнох цаг болсон хэмээсэн нэгэн зүйлд дахин давтангаар хянан зөвлөлдөөд, бас ч энэ зуны цаг хүрээний газар хуралдсан хан ван гүн олон засгууд санаа нийлж хойд их орос улсад учрыг гаргаж тусгай элч явуулсанд тусгаар улс болоход найртай сайн ёсоор харгалзсугай хэмээсэн зүйл буйн дээр энэ хойд хоёрыг илэрхийеэ нэвт тольдон айлдсаар ирсэн бүгдээрийн багш ​Жавзандамба ламын Очирдара Богд гэгээнийг хаанд өргөмжилж шашин төрийн бүхий л эрхийг бариулан монгол нэгэн улс болон тусгайлан хойд их Орос улсад найртай сайнаар түшиглэж харилцан туслалцаж шар шашныг хуучин ёсоор бататган дэлгэрүүлбээс сая амь биеийг хамгаалж чадах төдийгүй сааргүй хойдын хилс бэрх элдэв зовлонг устган арилгах болов уу хэмээж нэгэнт туурвин бүхий үүнийг зүй нь монгол овгийн олон чуулганы дарга жанжин хан ван бэйл бэйс гүн засаг тайж тавнан бүгдээрийн дарга хошууны дарга суман зангийн зэрэг олон ноёд түшмэлээс дараалан ардад хүртэл сонсгож өөр явуулсны тулд, үүнийг аймгийн олон хошуу шавь даяар явуулан тушаан хүрсээр бичгийн доторх айлтгасан хэргийг буулгасан лүндэнг хичээнгүйлэн дагаж өөр өөрийн харьяат газарт нийтээр ухуулан зарлаж олонд сүсэг бишрэлийг төрүүлэх ба сүм хийдэд аврал хурлыг нэн шамдал сайнаар хуруулж гүйцэтгүүлэх явдлыг хамтаар ухуулан тушаасугай хэмээн тушааж хүрч ирсэн тул үүнийг ёсоор сийрүүлэн бичиж хоёр чойрын зэрэг дацангууд ба туслагч түшмэдийн олон тайж мэдээчдэд яаран тушаагаад уг бичгийн доторхийг хянан үзэж өөр өөрийн харьяат газруудад өрх дараалан хүн тутам нэг ч дутагдуулалгүй нийтээр ухуулан зарлаж буулгасан гүрмүүдийг маш шамдан гүйцэтгэн уншуулж уг сэнхрүүлэн буулгасан лүндэнг хичээнгүйлэн дагаж явуулсугай. Үүний тул тушаав.
Цагаагчин гахай жилийн арван нэгэн сарын шинийн хоёронд.
Mongolian Flag Монгол
English Flag English