Богд Хааны Ордон Музейн олон нийтэд зориулсан боловсролын хөтөлбөр нь “Богд Хааны Ордон Музей нь үзэл баримтлалдаа “VIII Богд Жавзандамба хаан болон үндэсний эрх чөлөөний хувьсгалын түүхтэй холбоо бүхий соёлын өвийг эрэн сурвалжлах, бүртгэн баримтжуулах, судлан шинжлэх, хадгалах, хамгаалах, сэргээн засварлах, дэлгэн үзүүлэх төвийн хувьд соён гэгээрүүлэх, таашаал хүртээх үүргээ дээдэлсэн олон нийтэд нээлттэй, тасралтгүй үйл ажиллагаатай байгууллага байхад чиглэнэ хэмээн тодорхойлсон”-ны дагуу үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнол, баталгаа болсон язгуур соёл, өв уламжлал, төрт ёсны түүхээ дээдлэн хамгаалж, эх хэл, түүх соёлоо сурах, хүндэтгэн үзэх үзэл санааг дэлгэрүүлэх, сурталчлах таниулах зорилготой боловсруулсан.
VIII БОГД ХААНЫ асран хамгаалж байсан “Бор заан” болон Богд хааны ордон музейн үзмэр, бусад түүхэн баримт дээр тулгуурлан хүүхэд багачуудад монгол орноо заан хэмээх амьтныг залан авчирсан тухай түүхэн талаас нь мөн бусад ерөнхий боловсролын хичээлтэй уялдуулан сонирхолтойгоор түүх, газарзүй, биологи, уран зохиол, дүрслэх урлагийн хичээлтэй уялдуулан олон талт байдлаар эх түүхээ таниулах, сурталчлах, мэдлэг, мэдээлэл өгөх ач холбогдолтой юм.
Хөтөлбөрт оролцогчид: Богд хааны Бор зааны үлгэр хамтран унших, бор зааны үлгэрийн номын зургаас будах зэргээр оролцоно.
Зорилтот бүлэг:
– Цэцэрлэгийн ахлах анги 5нас
– Ерөнхий боловсролын бага анги 6-10
Олноо өргөгдсөн монгол улсын үед уламжлалт монгол бичиг албан бичгийн хүрээнд хэрхэн бичигдэж, хэрэглэж байсан тухай, Богд хааны зарлигийн бичгийн дурсгал “ШАР ТОРГОН ӨРГӨМЖЛӨЛ”- эх сурвалжтай танилцах, бичгийн эх сурвалжийг унших, бичих, тамга дарах.
Хөтөлбөрт оролцогчид: “ШАР ТОРГОН ӨРГӨМЖЛӨЛ”-ийн адил шар өнгийн цаасан дээр өргөмжлөлийг монгол бичгээр гүйцээн бичиж VIII Богд Жавзандамба хааны “Төрийн Хаш Тамга” -ыг дуурайлган хийсэн тамгаар даран дурсгал болгон хадгалах.
Зорилтот бүлэг:
– Ерөнхий боловсролын дунд анги 6-11 нас
– Ерөнхий боловсролын ахлах анги 12-18 нас
– Оюутан
– Насанд хүрэгчдэд
Түүхэн үзмэр эх сурвалжтай танилцах нь. Шашин төрийг хослон баригч, Наран гэрэлт Богд хааны тамга хэмээх үсэг бүхий 1911 онд Монгол улсын эзэн хаанаа Богд Жавзандамба хутагтыг өргөмжлөөд хийсэн цагаан хаш тамга, мөн мөнгөн тамга болон Улсын Эх Дагинын тамга нь Монгол Улс тусгаар тогтносон бүрэн эрхт улс хийгээд өөрийн эзэн хаантай болохыг илтгэн харуулсан агуулга, шинж чанартай билээ. Энэхүү хөтөлбөр нь музейн үзмэрт тулгуурлан тухайн түүхэн үеийн төр, нийгмийн болон төрийн албан хэрэг хөтлөх уламжлал- хууль эрх зүй, бичгийн дурсгал болох, тамга дарах, хадгалах, хэн хэрхэн хаана дарах зэрэг төрт ёс, тамганы түүх, түүний хэлбэр дүрс – урлал- дүрслэх урлаг, материалын шинж, бэлгэдэл зүй гээд олон талаас нь танилцуулах хөтөлбөр юм.
Хөтөлбөрт оролцогчид хааны тамганы бичгийг бичих, тамганы дардсыг даран дурсгал болгон хадгална.
Зорилтот бүлэг:
– Ерөнхий боловсролын дунд анги 6-11 нас
– Ерөнхий боловсролын ахлах анги 12-18 нас
– Оюутан
– Насанд хүрэгчдэд
VIII Богд Жавзандамба хутагтын үед сар бүрийн шинийн 8-нд Өндөр гэгээний тигээр нэг өдөрт Цагаан дара эх бурхныг танка зургийн аргаар бүтээдэг уламжлалтай байжээ. Энэхүү үйл ажиллагаа 1924 он хүртэл үргэлжлээд Богдыг таалал төгссөний дараа уг үйл ажиллагаа тасарчээ. Энэхүү уламжлалт үйл ажиллагааг сэргээхээр Богд хааны ордон музей 2013 оноос эхлэн “Нэг өдрийн цагаан дарь эх” бурхан бүтээх танка зургаар бүтээх үйл ажиллагааг сэдэвчилсэн үзэсгэлэнгийн хамтаар зохион байгуулах болсон. Богд хааны ордон музейд маш олон танка буюу шүтээн зураг хадгалагдаж байдаг бөгөөд энэ хөтөлбөрөөр шүтээн зурагт дүрслэгддэг бурхадын барьцын тэмдэг Утпала цэцгийн мөн чанар, яагаад учиртай шүтээн зурагт дүрсэлдэг болох цэцгийн дүр бэлгэдэл, өнгөний бэлгэдэл, мэдлэг олгох шүтээн урлалын тухай зөв ойлголтыг төрүүлэхэд гол зорилго оршино. Бүтээлч даалгавар буюу удвал цэцгийн бэлдсэн ажлын хуудас дээрх дүрсийг зурах, будах, бүтээх зэрэг байдлаар оролцоно.
Зорилтот бүлэг:
Бүх насныхан – нас харгалзахгүй оролцоно.